Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 06 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур ӨндөрУлаан, Хангай, Чулуут, Тариат, Цахир, Төвшрүүлэх сумдын нутгаар 9,0 – 11,5 градус, бусад сумдын нутгаар 12,1 – 17,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,0 - 4,0 градусаар дулаан, Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас 1,8 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 22,0 - 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хашаат, Хайрхан, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 2,0 - 4,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 2,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Хотонт сумдын нутгаар 14,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 23,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Хайрхан, ӨндөрУлаан , Цэцэрлэг сумдын нутгаар 60,0 - 65,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хангай, Өлзийт, Жаргалант, Цахир, Батцэнгэл сумдын нутгаар 55,0 - 59,0 градус, бусад сумдын нутгаар 50,0 - 54,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хашаат, Хайрхан, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 1,0 - 4,0 градус дулаан, Хангай сумын 8,0 градус , бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 3 - 8 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,8 – 43,1 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Төвшрүүлэх суманд 43,1 мм, хамгийн бага нь Цахир сумын нутгаар 1,8 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , Тариат, Хайрхан, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 - 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар 18 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут, Цахир, Тариат сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 60 хувьд нь хэвийн , 40 орчим хувьд нь дунд байлаа.Ургамлын өндөр 3 – 5 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, хөөвөр хялгас авах, хонины ноос хяргах, малд тарилга хийх, туулга өгөх, мал хөнгөлөх зэрэг ажлууд явагдаж байна. Цэцэрлэг, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Жаргалант, Хангай, ӨндөрУлаан, Булган, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа